Орхон гол дээгүүр 235,2 метр урт төмөр бетон гүүрийг бариж ашиглалтанд орууллаа
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт Орхон гол дээгүүр 235,2 метр урт төмөр бетон гүүрийг барих ажил дуусч Улсын комисс хүлээн авлаа. Энэ ажлын замын хөдөлгөөнийг нээх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн ажилтан н.Ганчимэг, гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Эрин Итнернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр, “Дархан АЗЗА” ТӨХК-ийн захирал М.Золзаяа болон орон нутгийн төлөөлөгч нар оролцож тууз хайчлав.
Гүүрийн үндсэн үзүүлэлтүүд нь:
Урт–235,2 метр
Өргөн–зорчих хэсэг нь 6,5 метр
Алгаслын тоо– 13
Алгаслын урт–18 метр
Гүүрний нийт өргөн–7,0 метр
Энэ гүүр ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн баруун талын сумд болон Булган аймгийн зүүн хойд талын сумдаас өвс тэжээл, будаа тариа, төмс, хүнсний ногоог Дархан хот руу татах, нүүрс, бусад ачаа тээвэрлэх замыг 40-100 км товчлох боломж олгож байгаа юм.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрин Интернэшнл” ХХК, “Дархан АЗЗА” ТӨХК-тай түншлэлийн гэрээгээр хамтарч угсралтын ажлаа 2011 оны 8 сард эхлэн 2013 оны 11 сард гүйцэтгэж дуусгасан байна. Уг ажлыг гүйцэтгэхийн тулд 2,3 км газарт өндөр хүчдэлийн түр цахилгаан шугамыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж ашигласан юм.